Ж.Амгалан: Тусгаарлах байрнаас гараад 14 хоног гэртээ байх ёстой иргэд бааранд орсон тохиолдол гарлаа


4 жил

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийж, гадаад улсаас иргэдээ татан авах ажиллагааны хуваарийг танилцууллаа. 

 

Энэ үеэр цагдаагийн байгууллагаас гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэдийн гаргасан зөрчлийн талаар мэдээлэл хийв. 

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Цагдаагийн байгууллага цар тахлын үед нийгмийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийнхээ дагуу хамгаалалт, аюулгүй байдлыг хангахад 4,800 гаруй албан хаагч ажиллаж байна. 

Ард иргэдэд гурван зүйлийг хэлье.

Нэгдүгээрт, гадаад улсаас ирж буй иргэд ажиглах байранд 21 хоног тусгаарлагдсаны дараагаар 14 хоног гэрийн буюу өрхийн тусгаарлалтад байх учиртай. Гэтэл дэглэмээ мөрдөхгүй байх тохиолдол гарч байгаа. Тухайлбал, сүүлийн хоёр хоногт 28 иргэн урт болон богино хугацаагаар гэрийн тусгаарлалтаас гарч явсан, богино зайд хүнтэй уулзсан, бааранд орсон тохиолдол гарсан. 

Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс тодорхой хэмжээний эрсдэлд байгаагаа өөрсдөө ухаарах хэрэгтэй.

Хоёрдугаарт, Тусгаарлах байранд байхдаа хаягаа өгсөн ч тусгаарлалтаас гараад хаягаа сольж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 804, орон нутагт 95 иргэн өрхийн тусгаарлалтад бий.

Одоогоор өрхийн тусгаарлалтад байх хугацаандаа 524 иргэн ямар нэг байдлаар хаягаа шилжүүлж, хөдөлгөлөө. Энэ бол давхардсан тоо. Тиймээс гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хаягийн шилжүүлэлт хийхгүй байх зохицуулалт хийхээр ярилцаж байна. 

Гуравдугаарт, Цар тахлын аюулаас амны хаалт хамгаалж байгаа дэлхий даяараа хүлээн зөвшөөрсөн. Амны хаалтаа сайн зүүхэд ард түмэн анхаарч, таны амь нас, эрүүл мэндийг хамгаалахад онцгой чухал гэдгийг дахин санана уу. Амны хаалтаа дахин зүүцгээж байхгүй бол нэг том эрсдэл болох магадлалтай байна" гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү