Ц. Баатархүү: Амиа алдсан дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд


4 жил

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өчигдөр/2020.05.27/ 18:00 цагийн орчимд тун харамсалтай хэрэг гарч, 11-15 насны дөрвөн хүүхэд амь насаа алдсан. Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

АМИА АЛДСАН ДӨРВӨН ХҮҮХДИЙН ХОЁР НЬ НЭГ АЙЛЫН ХҮҮХДҮҮД

Б.БААТАРХҮҮ: -Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Маршалын гүүрний зүүн хойд талын голын тогтоол усанд тоглож байсан дөрвөн хүүхэд нас барлаа гэх дуудлага мэдээлэл тавдугаар сарын 27-ны өдрийн 18:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн. Цагдаагийн байгууллагын алба хаагчид дуудлагын дагуу хэргийн газарт очин ажилласан. Маршалын гүүрний зүүн талд байрлах “Хан талст” ХХК-ийн барилгын суурийг ухсанаар тогтоол ус үүссэн. Тус газарт 11-15 насны дөрвөн хүүхэд тоглож байхдаа живж амь насаа алдсан нь тогтоогдсон. Амиа алдсан дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан гэх мэдээлэл ирсэн. Гурван хүүхэд ус руу орж живж эхлэх үед ах нь дүүгээ аврах гэж араас нь орон амь насаа алдсан байна. Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн тогтоол усны гүнийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мэргэжлийн байгууллагууд хэмжилт хийнэ.

Урин дулаан цаг ирж байгаа тул хүүхдүүдээ хараа хяналтгүй гол, ус руу явуулахгүй байхыг анхааруулж байна.

Мөн олон нийтийн сүлжээнд энэ хэргийн талаар янз бүрийн мэдээлэл оруулж, хүүхдүүдийн гэр бүлд хүндрэл битгий учруулаарай. Ар гэрийнхэнд нь маш хүнд тусч байгаа тул худал ташаа мэдээлэл оруулахгүй байхыг хүсэж байна.

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү