Х.Баттулга: Монгол Улс хөгжлийн бодлогоо богцлоод авлаа


4 жил

“Монгол Улсад сүүлийн 30 жилд 500 гаруй том, жижиг баримт бичиг батлагдсан нь томдсон тоо байсан. Харин энд тэнд байсан баримт бичгүүдийг энэ удаа нэг богцонд хийлээ гэж би ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улс хөгжлийн бодлогоо богцлоод авлаа. Одоо богцонд байгаагаа яаж үр дүнг нь үзэх нь чухал”. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ардын багш С.Дулам, академич, доктор, профессор Т.Дорж нар Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгөх үеэр тэрбээр ийн чухалчилсан юм.

Хамгийн гол нь хөгжлийн нэртэй олон бодлого, төлөвлөлтүүд байсан ч үр дүн төдийлөн гараагүй. Тэр бүгдийг нэг дор нэгтгэсэн дата бааз ийнхүү бий болж, тэр нь улс төрийн намуудад, сэтгүүлчдэд, иргэдэд нэг сувгаар ойлгогдохоор болж байгаа нь “Алсын хараа-2050”-ын гол онцлог. Монгол Улсын хувьд өнгөрсөн 30 жилд алдсан алдаагаа давтахгүйгээр дараагийн 30 жилээ  харах нь чухал учраас энэ бүхнийг бүхэлд нь багтаасан бодлогын баримт бичиг гарсанд олзуурхаж байна гэв.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хөгжлийн хөтөлбөр, бодлогын баримт бичиг, төсөл зэргүүд нь бодитой ажил болж  чадаагүй гол шалтгаан нь засаглалын тогтворгүй байдал, улс төрийн намууд нь ойлголцож улс орны хэмжээний бодлогын баримт бичгүүдээ хэрэгжүүлж ажиллаагүйтэй холбоотой.

Тэгвэл ирэх 30 жилд улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, намчирхалгүйгээр хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх цаг болсон учраас энэхүү бодлогын баримт бичгийг боловсруулсан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр онцолсон юм. Ардын багш С.Дуламын хувьд дэлхий нийтээрээ “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”-ийг чухалчлах чиг хандлагатай болсон учраас “Алсын хараа-2050”-ийг боловсруулахдаа ч үүнд онцгой анхаарсан гэдгийг тодотгосон. Монгол улсын хөгжлийн загвар бусдаас өөр байх ёстой гэдэг зарчмыг барьсан гэлээ.    

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү