УОК: Энэ сарын 28-ны 06.00 цаг хүртэл монгол иргэдийг Алтанбулаг, Хиагт боомтоор нэвтрүүлнэ


4 жил

Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгасантай холбогдуулан хилийн агаарын, авто зам, төмөр замын боомтуудын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хаасан. Харин ОХУ-д оршин суудаг, ажилладаг, сурдаг монгол иргэдийн буцаж ирж буйтай холбогдуулан уян хатан шийдвэр гаргажээ.

Тодруулбал, монгол иргэдийг ОХУ-тай хиллэдэг есөн боомтоор өнөөдөр 20.00 цаг хүртэл хүлээж авна.  Өнөөдрийн 20.00 цагаас энэ сарын 28-ны 06.00 цаг хүртэл монгол иргэдийг Алтанбулаг, Хиагт боомтоор нэвтрүүлнэ. Харин энэ сарын 28-наас хойш улсын хилээр иргэдийг нэвтрүүлэхгүй байхаар Засгийн газрын тогтоолд заажээ. Алтанбулаг боомтоор энэ сарын 18-23-ны өдөр хүртэл 455 монгол иргэн нэвтрүүлж, тусгаарласан байна.

Мэдээллийн үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг цар тахлаас үүдэж дэлхийн олон орон хилийн хориг тавьж байна. Халдварын тархалт нэмэгдэх тусам гадаадад байгаа монгол иргэд эх орондоо ирэх боломж хумигдаж байгааг онцоллоо. Тэрээр “Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл 21 мянга орчим монгол иргэн эх орондоо ирсэн. Албан мэдээллээр 80 гаруй оронд 190 мянга орчим монгол иргэн оршин сууж байгаа. ОХУ гадаадаас иргэд хүлээж авахгүй байхаар шийдвэрлэсэн. БНХАУ хилээр нэвтэрч буй иргэдээ 14 хоногийн хугацаанд тусгаарлаж байгаа. Үүнтэй холбогдуулан монгол иргэд ОХУ, БНХАУ-аар дамжин ирэх боломжгүй болсон. Харин чартер нислэгээр иргэдээ татан авах шийдвэр албан ёсоор гараагүй. Тиймээс иргэдийг оршин суугаа улсынхаа заавар зөвлөмжийг дагаж, тайван байхыг уриалъя. Чартер нислэгт явах иргэд өргөдөл их өгч байна. Гадаад харилцааны яам, Онцгой комисс иргэдийн өргөдлийг хүлээж авахгүй. Хэрэв нислэг хийх нь тодорхой болбол гадаад руу нисэх иргэд өөрсдөө билетээ авч үйлчлүүлнэ. Харин нисэх иргэдийн талаар ямар нэгэн бүртгэл хийхгүй” гэв.

Түүнчлэн иргэдийг тусгаарлах байр дүүрвэл хотын ойролцоох амралтын газруудыг бэлтгэж, тусгаарлах байр болгох аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү