Гэмтлийн улмаас цус харвасан гэсэн дүгнэлт гарсан


4 жил

УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү Төрийн ордонд зуурдаар амиа алдсан хэрэгтэй холбогдуулан түүний гэр бүлийнхэн өнөөдөр /2020.01.22/ хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд  охин  Б.Цэлмэг, хүү Б.Ганхөлөг, өмгөөлөгч н.Батхуяг нар оролцлоо.

Өмгөөлөгч н.Батхуяг “Төрийн ордонд 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсан зуурдаар нас барсан. Цагдаагийн байгууллагаас  энэ хэргийг шалгаад найман сар өнгөрсөн ч хэрэг шийдэгдээгүй байна. Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн мэдээлэл хийгээгүй. Хэргийн үйл явцын талаар гаднын нөлөөгүй юм байна гэсэн мэдээлэл хэвлэлээр явахад ар гэрийнхний зүгээс хүлээцтэй тэвчээртэй явсан.

Монгол заншлаа бодсон ч гэсэн бурхан болоочийг байнга ярих хэцүү. Энэ ч утгаараа албан ёсны мэдээлэл хийгээгүй байсан. Сүүлийн үед хэргийг улс төртэй хутгах, улс төрийн зорилгоор ашиглах явдал илт болоод ирлээ.

Нэгдүгээрт, энэ хэрэг дээр шүүх эмнэлгийн багийн дүгнэлт эцэслэж гарсан. Дүгнэлтийг дэлгэрэнгүй унших боломжгүй. Эмнэлзүйн үг хэллэг ихтэй. Анхаарал татсан хэдэн зүйлийг хүргэе.

Дүгнэлтэд талийгаачийн баруун нүдэнд хөхрөл үүссэн. Задлан шинжилгээний явцад хүзүүний зүүн хажууд улайлт үүссэн. Өвчний улмаас ухаан алдаад уначихлаа гэж байсан. Дүгнэлтэд өвчний улмаас цус харваагүй.  Гэмтлийн улмаас цус харвасан гэсэн дүгнэлт гарсан.

Энэ хэрэг дээр УИХ-ын нэр бүхий гишүүдээс полиграфф тест авсан. Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд түгшүүрийн мэдрэмж өндөр гэсэн хариу гарсан. 

Хэргийн газраас талийгаачийн гар утсыг хурааж авсан. Үзлэг шинжилгээ хийгээд хохирогчид хүлээлгэн өгсөн. Шинжилгээний дүгнэлтэд гар утсанд ямар нэгэн мэдээлэл байхгүй. Түүнийг сэргээх боломжгүй гэсэн.

Хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээд "би харсан" гэж мессэж бичсэн. Надад 13 секундийн бичлэг байгаа гэсэн. Энэ мэдээллийг шалгах явцад нэг мэдээлэл тогтоогдсон. Тэр хүн энэ хэргийг мэдэхгүй, өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ. Энэ бас эргэлзэх асуудал. Мөрдөн шалгах явцад шүүх эмнэлэгтэй холбоотой асуудал байсан.

Шинжилгээний явцад оношийг дутуу тавьсан ийм зүйл тогтоогдсон” гэлээ.

Хүү Б.Ганхөлөг "Өнөөдөр бид гурав хэвлэлийн бага хурал зарладаг нь гэр бүлээ төлөөлж хамгийн анхны албан ёсны мэдэгдэл хийж байгаа юм. Найман сарын хугацаа өнгөрөхөд бид маш их тэвчээртэй ажиглаж суулаа. Бидний хувьд хүндхэн өдрүүд өнгөрч байна. Хамгийн гол нь дөрвөн настай үлдсэн манай бага дүү бэтгэрээд хоол ундаа идэж чадахгүй байдалтай байна.  2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр бидний хувьд маш том хар толбо үлдээсэн өдөр байлаа. Ийм өдрийг хэзээ ч бодож төсөөлж байсангүй.

Цоо эрүүл аав минь өглөө гэрээсээ гараад ажилдаа явсан. Өдөр Төрийн ордонд ажлын хэсгийн хуралтай байсан. Төрийн хамгаалалттай газар, ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж яваад ордонд орсон ч буцаж гарч ирээгүй. Энийг гаднын нөлөөтэй гэж үзэж байна.

Өндрөөс унасан гэж байгаа юм. Баруун нүд хөхөрч хавдсан. Зүүн талаараа унахад нүд нь яагаа ч үгүй. Баруун талын нүд бол тэр хэсэгтээ нэлээн том хавдартай байсан.  Манай өмгөөлөгч ярилаа. Хүзүүн дээр гарсан улайлт бол ойлгомжтой, заамдалцсаны улмаас улайсан тийм улайлт. Өндрөөс унасан хүн хүзүүндээ тийм улайлттай байх уу. Би итгэхгүй байна.

Бид ямар нийгэмд амьдраад байгаа юм. Амьд явах баталгаагүй болчихсон юм биш үү.Бид цаашдаа яаж амьдрах вэ. Төр нийгмийн зүтгэлтэн, Их хурлын дэд дарга, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож байсан хүн Төрийн ордны тусгай хамгаалалт обьектэд ажлын цагаар амь насаа алдсан байна. Тэгэхэд гудамжинд алхаж яваа жирийн иргэд бид яах вэ. Ийм хэрэг үйлдэгдээд найман сар өнгөрчхөөд байхад ямар ч шийдэл гарч ирсэнгүй. Жирийн ард иргэдэд иймэрхүү юм тохиолдвол яах вэ, би ойлгохгүй юм байна. Түрүүн хэлсэнчлэн найман сар маш хүнд байлаа. Аавыгаа санаж байна. Бага дүүгийн маань дуу нь ч гарахаа байсан. Монгол Улс төртэй шүүх засаглалтай улс. Хуулийн байгууллага хурдан яаралтай үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Итгэл алдраагүй хүлээж байна” гэлээ.

Охин Б.Цэлмэг “Эмээ өвөө маань өдөр бүр аавын минь зурагны урд олон цаг сууж, залбирч ээж маань ханиа алдсандаа сэтгэл нь шимширч, дөрвөн настай дүү маань аавыгаа нэхээд хоолноосоо гарсан. Үнэхээр бэтгэрч байна. Аавыгаа ороод ирэх юм шиг санагдаад хааяа чихэнд сонсогдоод байна. Аавынхаа хэргийг нэхэх болно. Шударга ёсны төлөө тэмцэх болно. Аавыгаа маш их санаж үгүйлж байна” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү