Т. Баярхүү : Олны анхаарал татсан, удаан хугацаанд шалгагдсан хэргүүдийг прокурор, шүүх рүү шилжүүлээ


4 жил

Авлигатай тэмцэх газраас сар тутмын ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ үеэр олны анхаарал татсан, удаан хугацаанд шалгагдсан хэргүүдийн талаар мэдээлэл өгөв. АТГ-ын ОНХА-ны ахлах ажилтан Т.Баярхүү “Олны анхаарал татсан, удаан хугацаанд шалгагдсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүлээд байна. Тухайлбал, Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэрэг, Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэрэг, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарт холбогдох хэрэг, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг, Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарт холбогдох хэрэг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нарт холбогдох хэрэг гэх мэт хэргүүдийг дурдах боломжтой. Зөвхөн 10 дугаар сард л гэхэд 32 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.Түүнчлэн сүүлийн үед шинээр шалгасан хэргүүдийг шуурхай шалгаж, эрх бүхий байгууллагад шилжүүлэв. Та бүхэн мэдэж байгаачлан Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, "ДЦС-2" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт холбогдох хэргүүдийг шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүллээ” гэсэн юм.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-УИХ-ын хоёр гишүүн мөрийтэй тоглосон гэх асуудлаар хариут өгөөч?

-АТГ дээр УИХ-ын хоёр гишүүн мөрийтэй тоглосон гэсэн асуудал шалгагдаагүй.

-“Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаагийн хэрэг шийдэгдсэн үү?

-Д.Жигжиднямаатай холботоой асуудал шалгагдаж байгаа. Хэрэг 20 гаруй үйлдэл дээр шалгагдаж айна. Хэргийг шалгах, баримт цуглуулах явцад бага зэргийн хүндрэл учирсан тул удаж байна.

-Бөхчүүд допинг хэрэглэсэнтэй холбоотойгоор хэрэг үүсгэсэн талаар мэдээлэл байгаа. Үүнийг тодруулахгүй юү?

-Бөхчүүдийн допингтой холбоотой хэрэг шалгагдаж байна. Сүүлийн арван жилийн байдлаар шалгаж байгаа. Шөвгөрсөн, давхардсан тоогоор 112 бөх байгаа. Эдгээр хүнээс дахин шинжилгээ авч харьцуулан шалгаж байгаа.

-ЖДҮХС-гийн хэрэг юу болсон бэ?

-ЖДҮ-тэй холбоотой хэргийг шалгаж, тухайн байгууллагуудын дансны гүйлгээг шалгасан.

-Салхитын мөнгөний орд газартай холбоотой шүүгчдийг шалгасан. Энэ хэрэг аль шатандаа явж байна вэ?

-Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаад, прокурорт шилжүүлсэн. Үүн дээр зургаан шүүгч холбогдож байгаа. Бусад шүүгч нь өөр хэргээр шалгагдаж байгаа.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хилийн хорио дуусаагүй байхад, хилийн чанадад зорчсон гэх мэдээлэл байгаа.

-Ч.Сайханбилэг хилийн чанадад эмчилгээ хийлгэхээр болсон. Энэ хүсэлтээ шүүхэд гаргаад явсан гэдэг мэдээлэл надад байна.

-УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан, “Фортуна” Н.Батбаяр нарт холбогдох хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ хэргийг мөрдөн шалгаад прокурорт шилжүүлсэн. Прокуророос шүүхэд шилжүүлсэн ч Н.Батбаярын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг мэдээллийг өгсөн.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү