Ц.Сүхбаатар: ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр дипломат эрх ямба эдлэх үндэслэл байхгүй


4 жил

ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг БНСУ-ын зүгээс онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед хүрч, ноцтой алдаа гаргасан хэргээр буруутгаж буй. Түүний өдүүлсэн хэргийн араас ҮХЦ болон УИХ-ын дарга Г.Занданшатар нар мэдэгдэл хийсэн бөгөөд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ҮХЦ-ийн дарга дипломат эрх ямба эдэлнэ” гэсэн нь олны анхаарлыг татаад байна. Энэ хүрээнд Элчин сайд асан Ц.Сүхбаатараас зарим асуудлыг тодрууллаа.

-ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын өдүүлсэн хэргийн эргэн тойронд маш олон байр суурь илэрхийлэгдэж байна. ҮХЦ-ийн дарга дипломат эрх ямба эдлэх эрхтэй юу?

-Дипломат паспорт эзэмшиж буй тухайн иргэн “Би дипломат паспорттой юм чинь яасан ч болно” гэж буруу ойлгоод байгаад асуудлын гол нь байгаа юм. Дипломат пасспорт эзэмшиж байгаа хүн бүхэн дипломат эрх ямба эдэлнэ гэсэн үг биш. Ямар хүн дипломат эрх эдэлдэг юм гэхээр аливаа төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд аливаа улс оронд үүргээ гүйцэтгэх үедээ эрх ямба, дархан эрхээ эдэлнэ. Үүнээс гадна тухайн оронд улсаа төлөөлөн суугаа Элчин сайд болон ЭСЯ-нд ажиллаж байгаа дипломат статустай хүмүүс дипломат эрх ямба эдэлнэ. Мөн дипломат шуудан авч явж буй иргэн тодорхой хэмжээнд халдашгүй эрх эдлэх учиртай. Түүнээс дипломат пасспорт эзэмшигч бүх хүн дархан эрх ямба эдлэхгүй. Яахав дипломат пасспорт эзэмшиж буй иргэдэд тодорхой хэмжээний хүндэтгэл үзүүлж болох юм. Товчхондоо бол ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын тухайд гэвэл дипломат эрх ямба эдлэх ямар нэгэн үндэслэл байхгүй. Тиймээс БНСУ-ын шийдвэрийг буруутгах ямар ч үндэслэлгүй.

-Гэхдээ Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ҮХЦ-ийн дарга дипломат эрх ямба эдэлнэ” гэсэн байсан шүү дээ?

-Д.Цогтбаатар сайд маш буруу мэдэгдэл хийсэн байсан. Улстөрийн өнцгөөр зориудаар нэр хүндэд нь халдаж байгаа мэтээр ярьсан байна билээ. Төрийн сайд хүн ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй л дээ. Тухайлбал, олон улсын хөдөлмөрийн байгууллага Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээвэл ажилчид нь Монгол Улсад дипломат эрх ямба эдэлнэ. Харин зорчин явж байхад нь дипломат дархан эрх ямба эдлүүлэх тухай ямар ч ойлголт байхгүй. Дипломат харилцааны тухай ВЕНИЙН КОНВЕНЦ гэж бий. Энэ конвенцын хүрээнд л зохицуулагдана. Тэр хүн ямар ч өндөр албан тушаалтан байж болно. Монголдоо эрх ямба эдэлдэг байж болно. Гэхдээ том дарга байлаа гээд гадаадад дархан эрх ямба эдэлнэ гэсэн үг биш шүү дээ. Монгол Улсын хилээр гараад аль нэг улсын агаарын хөлгөнд суусан л бол ямар ч том дарга бай жирийн иргэнээс өөрцгүй. Тухайн улсын хууль, журмыг чандлан дагаж мөрдөх ёстой. Хэрэв тухайн улсын агаарын хөлөгт ямар нэгэн хууль бус үйлдэл гаргасан бол онгоцыг эзэмшигч орны хуулиар шийтгүүлэх ёстой. Хэрэв хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээх нь гарцаагүй. ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын үйлдлийг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй.

-Тэгэхээр ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын асуудлыг БНСУ-ын хуулиар шийдвэрлэх ёстой байх нь......

-ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр БНСУ-ын хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Д.Одбаяр БНСУ-ын эзэмшигч агаарын хөлөгт тухайн улсын иргэний биед халдаж, зохисгүй үйлдэл гаргасан шүү дээ. Тиймээс тухайн улсын хуулийн дагуу хариуцлагаа хүлээх ёстой. Энэ мэт хэргийг олон улсад онцгойлон үздэг юм. Хэн ч байгаад нэмэргүй. Хэргийг хэрхэн шийдвэрлэх нь тухайн улсын бүрэн эрхийн асуудал. Харин ч Монголын төр ҮХЦ-ийн даргын зохисгүй үйлдлийг өмгөөлж байгаа нь БНСУ-ыг үл хүндэтгэж байгаа хэрэг. Төрийн өндөр албан тушаалтан нь зохисгүй үйлдэл гаргачхаад байхад улс нь өмгөөлөөд байх юм бол Монгол Улсын нэр хүнд олон улсад бүр л доошоо орно. Алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээх ёстой. Ганцхан хүний нэр төрийг хамгаалахын тулд Монгол Улсын нэр хүндийг золиосолж болохгүй.

-Сүүлийн үед дипломат ажилтнууд хар тамхи зөөвөрлөсөн гэх мэт таагүй хэргүүдтэй нэр холбогдох боллоо.....

-Сүүлийн үед дипломат албанд хүн болгон ажиллаж болдог гэж ойлгоод ашиг хонжоо олох хэрэгсэл болгочхоод байна л даа. Нөгөөтэйгүүр албан тушаалтнууд ах дүү, төрөл саднаа дипломат албанд ажиллуулах гэж улайрдаг ч болж. Гэтэл томилогдсон хүмүүс нь Монгол Улсын нэр, нүүрийг төлөөлж өндөр хариуцлагатай алба хашиж байгаа гэдгээ ойлгохгүй байна. Дипломат албыг хэрхэн өндөрт өргөж явах учиртайг ойлгоогүй хүмүүс томилогдож байгаа учраас дипломат албаны төдийгүй Монгол Улсын нэр хүнд олон улсад унаж байна л даа. Үүнээс гадна дипломат паспортыг хавтгайруулан олгох явдлыг зогсоох хэрэгтэй. Дэд сайд, ТНБД, аймгийн Засаг дарга нар дипломат паспорттай явж байх жишээтэй. Дипломат пасспортыг чинь маш өндөр хариуцлага дагалддаг юм шүү. Маш нарийн хяналт, зохицуулалт байх ёстой. Хэтэрхий задгайрсан нь ийм байдалд хүргэсэн. Дипломат паспорт эзэмшихээрээ гадаадад дархан эрх ямба эдэлнэ гэж ойлгож байгаа нь туйлын буруу. Монголдоо эрх ямбаа эдэлдэг л юм байгаа биз. Үнэндээ дипломат болон улаан паспорт БНСУ-ын хуулийн өмнө ямар ч ялгаагүй гэдгийг л хатуу ойлгох хэрэгтэй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү