Ням гарагт захууд амарна, замууд хаагдана


5 жил

Есдүгээр сарын 15-ны Ням гарагт нийслэлд автомашингүй өдөр болно. Автомашингүй өдрөөр дараах чиглэлийн замууд 15-ны өдрийн 07:00-18:00 цагийн хооронд хаагдах юм байна.

 
  1. Жанжин Сүхбаатарын талбай
  2. Сөүлийн гудамж
  3. Партизаны гудамж
  4. Чоймболын гудамж
  5. Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
  6. Төмөрчний гудамж
  7. Гэсэр сүмийн уулзвар
  8. Самбуугийн гудамж
  9. Анкарагийн гудамж
  10. Бага тойруу
  11. Бээжингийн гудамж
  12. Токиогийн гудамж
  13. Сансарын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам хүртэлх туслах зам
  14. Энхтайваны өргөн чөлөөний Зүүн 4 замаас Баруун 4 зам
  15. Чингисийн өргөн чөлөөний Монгол шуудангийн уулзвараас Сөүлийн гудамжны зүүн үзүүр хүртэл хэсэг болон дотогш замууд.

Энэ хугацаанд дээрх гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн чиглэлийг Нарны зам, Их тойруугаар түр зорчуулах аж.

Түүнчлэн Ням гарагт томоохон зах, худалдааны төвүүдийг амрааж, тухайн өдрийг дараа долоо хоногийн амрах өдөрт шилжүүлэх тухай Хотын даргын захирамж гарчээ. Тухайлбал, Нарантуул ОУХТ Ням гарагт, амраад Мягмар гарагт ажиллах юм байна. Уг зах Мягмар гарагт амардаг билээ.

Хотын даргын захирамж:

2019 оны 09 сарын 11-ний өдөр                                           Дугаар А/932                                      Улаанбаатар хот

“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”

зохион байгуулах талаар авах зарим

арга хэмжээний тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 43, 62 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2018 оны 17/10, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд 2019 оны 09 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-ийн үйл ажиллагааг зохион байгуулан, 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон зарласугай.
  2. “Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-ийг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, зохион байгуулах арга хэмжээг хоёрдугаар, автомашингүй өдрөөр амрах томоохон зах, худалдаа, үйлчилгээний газрын жагсаалтыг гуравдугаар, өдөрлөг зохион байгуулахад шаардлагатай зардлыг дөрөвдүгээр, автомашингүй өдрөөр замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах бүсийн зургийг тавдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
  3. Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай: 3.1.Энэ захирамжийн тавдугаар хавсралт ёсоор Жанжин Сүхбаатарын талбай, Сөүлийн гудамж, Партизаны гудамж, Чоймболын гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам хүртэлх туслах зам, Энхтайваны өргөн чөлөөний Зүүн 4 замаас Баруун 4 зам, Чингисийн өргөн чөлөөний Монгол шуудангийн уулзвараас Сөүлийн гудамжны зүүн үзүүр хүртэл хэсэг болон дотогш замуудад 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 07:00-18:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар /Д.Дашдорж/, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэлд зохицуулалт хийхийг Нийтийн тээврийн үйлчилгээний газар /Ч.Сайханбаяр/-т тус тус;

    3.2.“Автомашингүй өдөр”-өөр авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан замын гарцыг хааж, хамгаалалтын болон нэмэлт тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, замын эвдрэл гэмтлийг засаж, янзлах арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ /Б.Баянмөнх/-т тус тус;

    3.3.“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-өөр иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулан, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/, “Автомашингүй өдөр”-өөр тээврийн хэрэгслийн болон явган зорчигч нарын хөдөлгөөнийг зохион байгуулж ажиллахыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар /С.Энхтөр/-т, хөдөлгөөн зохицуулж байгаа гэрэл дохиогоор замын хөдөлгөөнийг зохицуулахыг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ /Д.Одбаяр/-т тус тус;

    3.4.“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-өөр автомашины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах, орон байраа дулаалах, эрчим хүч хэмнэх зөв дадлыг иргэд, олон нийтэд уриалж, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулах талаар холбогдох арга хэмжээг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарт болон дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус;

    3.5.“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-тэй холбогдуулан энэ захирамжийн гуравдугаар хавсралтад заасан зарим томоохон зах, худалдаа үйлчилгээний төвүүдийг амраан, тухайн өдрийн ажлыг дараагийн долоо хоногийн амрах өдөрт шилжүүлэхээр зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/-т тус тус;

    3.6.“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-ийг зохион байгуулахад шаардагдах, энэ захирамжийн дөрөвдүгээр хавсралтаар баталсан 29 555 000 /хорин есөн сая таван зуун тавин таван мянган/ төгрөгийг “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас гаргахыг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар /Х.Галымбек/-т зөвшөөрсүгэй.

    3.7.“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-ийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг баталж, явц, үр дүнг танилцуулж ажиллахыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалд, “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” арга хэмжээг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү