Лаг сорох хоолойд хуримтлагдсан хорт хий ажилтнуудын аминд хүрсэн


5 жил

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид гарсан үйлдвэрийн ослын газарт Онцгой байдлын Аврах ангийн албан хаагчид ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байгаад хорт хийнд хордсон есөн ажилтны тавд нь авран туслах ажиллагаа явуулсан. Мөн амь насаа алдсан дөрвөн хүний цогцсыг лагаас гарган авсан.

Осол Төв цэвэрлэх байгууламжийн лагийг сорох, шахах хоолойн насосны станцад гарсан байна.

Ослын газар ажилласан ажлын хэсгийнхний урьдчилсан мэдээлснээр “Лаг шахах, сорох хоолойн насосыг орж нээх үед түүнд хуримтлагдсан хорт хий ажилтнуудын амь насыг эрсдүүлсэн”  аж.

Хордсон таван ажилтан цэргийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь харьцангуй сайн, удахгүй энгийн тасаг руу шилжүүлэхээр болсныг албаны хүмүүс мэдээлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан осол болсон Төв цэвэрлэх байгууламжид очиж ажиллан, ослын нөхцөл байдалтай биечлэн танилцаж, мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хурлыг газар дээр нь зохион байгуулж, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсгийн тухайд төв цэвэрлэх  байгууллагын үйл ажиллагааг хэвийн хэмжээнд орох хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, хөдөлмөр хамгаалалт болон эрсдлийн үнэлгээг хийж, мэргэжлийн байгууллагын оролцоотой яаралтай хэрэгжүүлэх, талийгаачдын ар гэрийнхнийг хүлээн авч уулзаж, тэдэнд нийслэл бүх талын тусламж дэмжлэг үзүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад үнэн бодит мэдээлэл өгөх, цаашид дахин осол гарч болзошгүй нөхцөл байдлыг судалж арилгах, эмнэлэгт эмчлүүлж байгаа таван ажилтны эрүүл мэнд, эмчилгээ оношилгооны асуудалд анхаарах, мэргэжлийн байгууллагууд өөр хоорондоо уялдаатай ажиллахыг тус тус чиглэл болгов.

Хотын захирагч талийгаачдын ар гэрийнхэнтэй уулзаж, осол болсонд гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийлээд Нийслэлчүүдийг амар тайван, ая тухтай амьдрах нөхцлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан, мөн хамтран зүтгэгчийнхээ амь насыг аврахын төлөө хүн чанар гарган өөрийн амиа алдсан эрэлхэг залуусаар бахархаж байна хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү