Нийслэлийн агентлагуудад 18 дэд даргын илүү орон тоотой ажиллаж байна


5 жил

- Төсвийн 3.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ арвилан хэмнэлтгүй, үр ашиггүй зарцуулжээ -

Нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалтад хийсэн гүйцэтгэлийн аудитыг Нийслэл дэх төрийн аудитын газраас танилцууллаа.

Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн дарга Б.Мөнх-Очир, Гүйцэтгэлийн Аудитын хэлтсийн ахлах аудитор С.Зоригт тэргүүтэй албаныхан 2018 оны ажлын төлөвлөгөөний дагуу хийсэн аудитын шалгалтаар гарсан зөрчил, зарим тоон мэдээллийг хүргэлээ.

Энэ жилийн тавдугаар сарын 7-ноос есдүгээр сарын 28-нд хийсэн уг аудитод төрийн 164 байгууллага хамрагдсан ба дараах дөрвөн чиглэлд аудит хийжээ.

1. Нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалт орон тоог хуулийн дагуу мөрдөж ажилласан эсэх;

2. Албан хаагчид хуулийн дагуух шаардлагыг хангаж байгаа эсэх;

3. Чиг үүрэг давхардалтай эсэх;

4. Чиг үүргээ биелүүлэхдээ төсвийн хөрөнгийг хэрхэн зарцуулсан, хэмнэлттэй ажилласан эсэхэд шалгалт хийжээ.

ТӨРИЙН АЛБАНЫ ТОМИЛГООНЫ 22.3 ХУВЬ ХУУЛЬ БУС БАЙЖЭЭ

2012-2014 онд Төрийн албаны бүтэц 118 буюу 38.8 хувиар, төрийн албанд ажиллагсдын тоо 1293 хүн буюу 34.4 хувиар нэмэгдсэн ба үүнээс хамгийн их нь дүүргийн ИТХ-ын албан хаагчид 116 хүнээр, дүүргийн ЗДТГ-т ажиллагсдын тоо 508 хүнээр буюу 51.2 хувиар, Нийслэлийн агентлагт 635 хүнээр буюу 25.1 хувиар нэмэгджээ.

Улаанбаатар хотод төрийн нэг албан хаагчид 399 хүн ноогдож улсын дунджаас 23 дахин их байгаа ба энэ нь хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн тоо их байгаатай холбоотой гэлээ.

Аудитоор илэрсэн зөрчлүүдийг дурдвал, хуулиндаа дүүргийн Засаг даргыг нэг орлогчтой байх ёстой гэж заасан байдаг боловч одоогийн байдлаар 14 Засаг даргын орлогч орон тоо хэтрүүлэн ажиллаж байна. Төрийн байгууллагын хүнд суртлыг арилгах, шат дамжлагыг багасгах, төсвийн зардлыг хэмнэхээр агентлагийн орон тоог 100-аас дээш бол дэд даргатай байхаар зааж өгсөн боловч нийт 22 агентлагаас 18-д нь дэд даргын илүү орон тоотой ажиллаж байгаа аж. Жишээ нь 20 ч хүрэхгүй орон тоотой төрийн байгууллагад дэд даргатай, дотроо хэлтэстэй байжээ.

2015-2017 онд томилогдсон 1369 төрийн албан хаагчдад аудитоор шалгахад 1063 буюу 77 хувь нь хуулийн дагуу томилогдсон 306 буюу 22.3 хувь нь хуулийн дагуу томилогдоогүй болохыг илрүүлжээ.

Мөн дээрх жилүүдэд нийслэлийн төсвийн 3.7 тэрбум төгрөгийг арвилан хэмнэлтгүй, үр ашиггүй зарцуулжээ. Илэрсэн зөрчлийг арилгаж, дахин давтахгүй байх албан шаардлагуудыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү