Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалт 2018 оны есдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан билээ.
Уг шалгалтад нийт 1143 оролцогч бүртгүүлж, 1005 оролцогч сорилгын шалгалт өгснөөс 151 оролцогч 70 ба түүнээс дээш оноо авч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл, шалгалтад оролцсон хуульчдаас 15 хувь нь мэргэжлийн шалгалтандаа тэнцсэн дүн үзүүлжээ.
Шалгалтын дараа хуульчдын мэргэжлийн ур чадвар хангалттай бус байна гэх шүүмжлэл гарсан ч нөгөө талаас нь тус шалгалтын босго өндөр байдаг гэдгийг эрхзүйчид хэлж байв.
Түүнчлэн дээрх шалгалтын дүнтэй холбогдох гомдлыг шалгалтад оролцогчдоос хүлээн авсан бөгөөд Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос журамд заасан үндэслэл журмын дагуу нягталж дүгнэх ажлыг зохион байгуулж хариу өгсөн байна.