972 айлын түрээсийн орон сууц ашиглалтад орно


6 жил

Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн “Буянт-Ухаа 2” хороололд шинээр баригдаж буй 972 айлын түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай танилцлаа.

Нийт 18 барилга бүхий тус төсөл арга хэмжээг Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна. Барилгыг ирэх сарын 31-ний дотор буюу гэрээний дагуу төлөвлөсөн хугацаанд хүлээлгэн өгч ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа ажээ.

Засгийн газрын 2018 оны 81 дүгээр тогтоолын дагуу Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдаж эхэлсэн, ажил нь зогссон барилгуудыг дуусгаж, ашиглалтад оруулах ажлын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах ажлын хэсгийг Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулан ажиллаж байгаа.

Иргэдээ хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах ажил нь төрөөс баримталж буй гол бодлогуудын нэг юм. Мөн бага дунд орлоготой иргэд, залуу гэр бүл, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг хамгийн том асуудал нь зах зээл дээр барьж борлуулагдаж буй орон сууцнаас худалдан авалт хийх боломжгүй, ипотекийн болон бусад төрлийн зээлд хамрагдах хүсэлтэй ч урьдчилгаа төлбөр, зээлийн нөхцөл шаардлагыг хангахгүй байх асуудал. Тиймээс Засгийн газраас өнөөгийн нөхцөл байдал болон дэлхийн улс орнуудын туршлагад үндэслэн түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь хамгийн оновчтой зөв шийдэл гэж үзэж байна.

Мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаанаас харахад Улаанбаатар хотод 16,000 хөдөө орон нутагт 4000 нийт 20 000 айлын түрээсийн орон сууцны эрэлт байна гэсэн судалгаа гарчээ.

Энэ бодлогын хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй томоохон ажил нь “Буянт-Ухаа 1, 2” хороолол бөгөөд уг төсөл цаашид ч үргэлжлэх юм.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү