“Өвөр Монголын амт” өвөрмөц амтат хоолны баяр


6 жил

Новотел зочид буудалд Хятад орныг танин мэдэх,Өвөр Монголын соёл аялал жуулчлалыг түгээн дэлгэрүүлэх өдөрлөгийн хүрээнд “Өвөр Монголын амт” өвөрмөц амтат хоолны баяр зохион байгуулагдаж байна.

Уг хоолны баярт Өвөр Монголын Мастер тогооч Чинхао Сан тэргүүтэй шилдэг арван тогооч хүрэлцэн ирж өвөрмөц хоолнуудаар монгол түмэнд бэлэг барилаа.

Ингээд та бүхэнтэй Мастер тогооч Чинхао Сантай уулзуулъя.

 

Сайн байна уу? Юуны өмнө танд Монгол улсыг зорьж ирсэнд баярлалаа.Монгол нутагтаа ирээд өөрийн уламжлалт хоолоо танилцуулж монгол түмэнтэйгээ уулзсан өөрийн сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Ар Монголдоо ирээд өөрийн хоолоо танилцуулахын сацуу, Монгол тогооч нартай хамтран ажиллаж, туршлага солилцож байгаадаа их  баяртай байна.

Таныг Өвөр Монголын номер нэг тогоочоос гадна дэлхийн шилдэг тогооч нарын жагсаалтад байдаг гэж сонсож байсан юм байна.Та энэхүү дэлхийн хэмжээнд үнэлэгдэх ур чадвараа хэрхэн хөгжүүлсэн бэ?

-Найз нөхөд, миний хүрээлэл өнөөдрийн намайг бүтээхэд маш их дэмжлэг үзүүлсэн.Би тэднээсээ урам авч хичээнгүй ажилласны үр дүнд шилдэг хэмээх нэрийг авсан гэж боддог.Мөн тогооч хүн бүрд өөрийн гэсэн арга барил, жор байдаг шүү дээ.Магадгүй би өөрийн уламжлалт хоолныхоо арга барилыг хоол бүртээ шингээж өгдөг нь намайг бусдаас онцолж чаддаг байх.

Та тогооч мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байгаа вэ?

Би нийт хорин хоёр жил ажиллаж байна.Мөн энэ хугацаанд Өвөр Монголын Багшийн их сургуульд тогоочийн салбарт профессор цолыг хамгаалж, “Одон” телевизэд хоолны шоу нэвтрүүлэг хийж, үзэгч түмэнд хүргэсээр ирсэн.

Таны хоолыг идэхээр Хятадын болоод бусад орны хүмүүс Хөх хотыг зорин ирдэг гэж байсан.Та энэ удаад Монголд ирж өөрийн хоолоо танилцуулж байгаа гол зорилгынхоо талаар сонирхуулаач.

-Би хоолоороо дамжуулан Монгол түмэнтэйгээ нөхөрсөг харилцаагаа бататгах гэж,дээр үес уламжлагдаж ирсэн хоол хүнсээ танилцуулж, мөн монгол тогооч нартай туршлага хуваалцах зорилготой ирсэн.

Тэгэхээр өнөөдрийн хоолны өдөрлөгт ирсэн зочид хоолнуудыг тань хэрхэн хүлээж авч байна.

-Ирсэн зочид маань таатай хүлээж авч байгаад би их баяртай байгаа.Ялангуяа “Шоу Мэй” гэх буузыг хүмүүс их сайшаалтай амтархан идэж харагдсан.Манай үндэстний идэх дуртай хоолны нэг шүү дээ.

Халуун яриа өрнүүлсэн танд их баярлалаа.Цаашдын ажилд тань амжилт хүсье.

Тогооч Чинхао Саны хэлсээр “бууз” бол монгол түмний идэх дуртай хоолны нэг билээ.Цагаан сар, шинэ жил гээд баяр ёслол, зочин гийчдээ барьдаг шүү дээ.

Уншигч та бүхэндээ сонирхуулахад битүү хоол болох  бууз, тоомий, банш, хуушуур зэрэг нь хөрш улс үндэстнээс дамжин манайд орж  ирсэн хоолны төрөл бөгөөд эдгээр нь хэлбэр дүрс, хэмжээгээр ялгагдахаас гадна доторх орцоороо өөр өөр байдаг.Энэ хоол Евразид орших үндэстэн ястнуудын дунд өргөн тархжээ. Жишээ нь, буузыг Хятадад баозы, Японд жаозы буюу гёоза, хөөмөл буузыг никуман, Балбад момо, түрэгт мант, узбек зэрэг дундад азийн орнуудад манты, солонгост манду,  буриадад позы, гэх мэтээр нэрлэдэг байна.

Харин одоо та бүхэнтэй Новотел зочид буудлын марктенгийн борлуулалтын албаны дарга Алтангэрэлтэй уулзуулъя.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе.Энэхүү соёлын өдөрлөг өчигдрөөс эхлэн зохион байгуулагдаж байна.Танай байгууллагын зүгээс хэдэн арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа вэ?

-Баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Манай байгууллагын зүгээс хоёр арга хэмжээг хариуцан ажиллаж байгаа.

Эхний арга хэмжээ бол өнөөдрийн энэ хоолны өдөрлөг.Мөн энэ хоолны өдөрлөгийн шугамаар Өвөр Монголын мэргэжлийн мастер тогооч нар ирж хамтран ажиллаж байна.Дараагийн арга хэмжээ бол загварын шоу есөн сарын зургаанд зохион байгуулагдана.

Өвөр Монгол хоолны өдөрлөг бусдаас юугаараа онцлог болж байна вэ?

- Маш их онцлогтой болж байна.Нэгдүгээрт Өвөр Монголоос мэргэжлийн мастер тогооч нарыг урин ажилуулж  байгаа.Хоёрдугаарт маш олон жуулчдыг татаж ,мөн Өвөр Монголчууд хүртэл өөрсдөө олж идэж чаддаггүй хоолнуудыг хүртэл хийж байгаагаараа онцлог болж байна.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.Танай байгууллагын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

 

Сэтгүүлч: Н.Мөнхзаяа 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү