Монгол улсын төсөв ашигтай гарав


6 жил

Үндэсний статистикийн хорооноос сар бүрийн нийгэм эдийн засгийн байдлыг мэдээлдэг билээ. Энэ удаад өнгөрсөн зургаан сарын статистик үзүүлэлтийг сэтгүүлчдэд мэдээллээ.

Статистик үзүүлэлтээс харахад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо зургадугаар сарын эцэст 37,5 мянга болжээ. Тэгвэл одоогийн байдлаар Монгол Улсад 9,6 мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар гадаадаас 231,1 мянган хүн ирсэн нь өмнөх оны үзүүлэлтээс 21,1 мянгаар өсчээ. Дээрх иргэдийн 202,7 мянга нь аялал жуулчлалын зорилгоор ирсэн тул аялал жуулчлалын салбар өсөлттэй гарсан гэж статистикийн шинжээчид дүгнэж байна.

Эдийн засгийн үзүүлэлтээс хамгийн таатай мэдээ нь төсвийн тэнцвэржүүлсэн орлого ашигтай гарсанд байгаа юм. Тодруулбал, Улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2017 оны эхний хагас жилд 676,5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан бол энэ оны эхний хагас жилд 12,9 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Статистикийн мэдээллээс хамгийн таагүй нь хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өссөн мэдээ юм. Тодруулбал, хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх сараас 0,5 хувь, өмнө оны эцсээс таван хувь, өмнөх оны мөн үеэс 7,2 хувиар өссөн байна. Ийнхүү үнэ өсөхөд хүнсний бараа, ундаа, төмс, хүнсний ногоо, өндөг, цахилгааны үнэ, хийн түлшний үнэ нөлөөлжээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлээс болж нэлээд маргалдсан. Тэгвэл энэ оны эхний хагас жилийн байдлаар нийгмийн даатгалын орлого 13,1 хувиар өссөн байна. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний хагас жилд 1,2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 133,2 тэрбум төгрөгөөр өсчээ. Орлого нэмэгдэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 23,7 тэрбум төгрөгөөр, тэтгэврийн даатгалын сангийн орлого 113,7 тэрбум төгрөгөөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 29 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн хэмээн  мэдээлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү