Шинзо Абэ Пёньянд айлчилж, Ким Жон Унтай уулзахаар төлөвлөж эхэлжээ


6 жил

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Японы ерөнхий сайдтай уулзах сонирхолтой байгаагаа Сингапурт болсон уулзалтын үеэр АНУ-ын талд илэрхийлжээ.

 

АНУ-ын албаныхан түүний сонирхлыг Японы талд дамжуулсан тухай Санкэй Шинбун сонин мэдээлсэн байна. Уг мэдээнд өгүүлснээр Дональд Трамп хэрвээ Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ салж, олон улсын хориг цуцлагдвал эдийн засгийн тусламж авах талаар Японтой хэлэлцэх боломжтойг Ким Жон Унд дуулгасан гэнэ.

Гэхдээ ингэхийн тулд Хойд Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг шийдэх хэрэгтэйг зөвлөжээ.

Ким Жон Ун түүний зөвлөгөөг нааштай хүлээж авсан байна. Японы засгийн газар одоо Шинзо Абэг наймдугаар сард Пёньянд айлчлах хувилбарыг судалж байгааг мэдээлжээ.

Мөн ирэх есдүгээр сард ОХУ-ын Владивостокт болох эдийн засгийн чуулганы үеэр уулзах хувилбарыг давхар шалгаж байгаа гэнэ.

Өнөөдөр Улаанбаатар хотод эхэлж байгаа зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” хурлын үеэр Япон, Хойд Солонгосын төлөөлөгчид Абэ-Кимийн уулзалтын талаар ярилцаж магадгүй байна.

Японы засгийн газар тус улсаас 1970-1980-аад оны үед нийт 17 иргэн Хойд Солонгосын тусгай албаныханд хулгайлагдсан гэж үздэг юм.

 

Эх сурвалж: AFP

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү